2012-12-07
Хуруун чинээ зүйлийг уулын чинээ бүү болго

     Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ

     Давьюу хэмээвээс давмой

     Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ

     Гэтэльюү хэмээвээс гэтэлмой

     Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовлон болоод явчихлаа шүү гээд л би зовоод эхэллээ гэдэгтээ итгэчихдэг. Зарим нэг хүний хувьд аймшигтай санагдах зовлон өөр нэгний хувьд юу ч биш санагдах бөгөөд жаргалдаа ташуурчих юмаа гэж битүүхэндээ атаархсан өнгөөр зэмлэдэг. Нийтлэг шалгуураар хүнд хэцүү, зовлонтой гэх бүхэн хэн нэгний хувьд бусдаар хэмжүүлэхийг хүсээгүй жаргал байхыг үгүйсгэх хэрэггүй мэт. Хүн ер нь үхэл хагацал, өвчин шаналлаас бусдыг /зарим өвчин энд орохгүй, сэтгэл өвдвөл бие өвдөнө гэдэг шүү дээ/ нь ямар нэг байдлаар өөрсдөө хүндрэл зовлон болгочихдог талтай. Хуруун чинээ байгаад өнгөрч болох зүйлийг уулын чинээ мэт хүлээн авснаар уулын чинээ мэт зовлонг туулах хүндхэн замыг өөртөө тавьчих нь бий. Бидний амьдралын зам сайтар нягтруулан зассан засмал зам шиг биш. Тэгэхээр өмнөө тулгарах бэрхшээл бүрийг туулж баршгүй гай мэт бүү төсөөлөөрэй.

     Хүн нэг хямрахаараа гол мөрний усны эргүүлэгт орчихсон аятай л бүтэлгүйтлүүд ар араасаа цувраад л. Үнэндээ хүн бүрт л иймэрхүү үе тохиолддог. Гэхдээ мэдээж зарим хүмүүст энэ бүхэн арай л хэтэрхий удаан үргэлжлээд байх шиг санагддаг байх л даа. Ийм үе хичнээн хэцүү ч хэзээ нэгэн цагт амьдралын түүхэнд "дурсамж" болоод л үлддэг. Харин энэхүү дурсамжаас таны өнөө ирээдүйд авч үлдсэн зүйл их байх болно. Хүнд бэрх үеийг хүмүүс хэрхэн даван туулдаг юм бол. Ихэнх хүмүүс бэрхшээлийн өмнө хүчин мөхөстдөж өөртөө итгэх итгэл үгүй болсон тэр цагтаа далдын хүчинд итгэх оролдлого хийдэг. Энэ нь үр дүнгээ өгөх нь бий. Учир нь бурхан шашинд итгэснээр тэр хүнд хамгийн чухал, бүүр хамгаас чухлын чухал "найдвар" буюу "бурханаар дамжуулан өөртөө итгэх нэгэн төрлийн итгэл" бий болдог аж. Үнэндээ бурхан гэдэг чинь тэнгэрээс биднийг хараад сууж байдаг хэн нэгэн биш бөгөөд гагцхүү бидний зүрх сэтгэлдээ асааж чадах итгэл найдварын зул шүү дээ. Бидний итгэлийг үгүй хийгч нь өөрийгөө зовж байна гэж бодох хийгээд бусдын харцнаас бас үгнээс, харилцаанаас үүнийг мэдрэх явдал байдаг. Тэгэхээр бэрхшээлийг туулахын тулд эхлээд өөрийгөө л олж авах хэрэгтэй бөгөөд өөрт чинь байгаа тэрхүү зулыг асаах хэрэгтэй.

     Бид алдах тусмаа улам ихэд шунадаг. Цаг хугацаа амьдрал бидэнд өгч болох байсан бүгдийг нэг дор бүгдийг авахыг эсвэл туулах ёстой байсан замуудыг товчлон шууд л гол үр дүндээ хүрэхийг эрмэлздэг. Энэ нь биднийг улам бүр л нөгөө эргүүлэгийн гол уруу оруулж, улам л тамирдуулах нь бий. Уг нь бид тэр их үр дүнгийн төлөө биш зүгээр л өөрийнхөө төлөө усны эргүүлгээс эхлээд гарчих хэрэгтэй ч туулж буй бэрхшээлийн хажууд энэ заримдаа хэт "жижигхэн" мэт санагдаад, яг үнэндээ бол нөгөө л "том" хүсэлд шунасан сэтгэл маань гарцаа олж харж чадахгүй болтол бидний болтол бидний нүдийг халхалчихдаг.

     Эргүүлэгт орсон хүн хэрхэн гардаг билээ. Эргүүлэгийн эсрэг хар хүчээрээ сэлүүрдээд үү, эсвэл хүчийг даган эргээд үү. Аль нь ч үр дүнгээ өгдөг байхыг үгүйсгэхгүй. Хар хүчээрээ эсэргүүцсээр хамаг чадлаа барчихвал үхлийн өмнө бууж өгөхөөс өөр аргагүй. Бас хэн нэгэн ирж татаж гаргахыг хүлээх аяыг нь дагаад эргээд байвал усны ёроол таны гэр болоход бүүр ч ойрхон. Ийм үед хүн эхлээд өөртөө л найдах хэрэгтэй. Би эндээс гарч чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй, ингэхдээ өөрийгөө хэт албадах, хүчлэх нь тун амархан туйлдахад хүргэж мэднэ гэдгийг санаж байх хэрэгтэй. Харин дараа нь түүнийгээ жижигхэн зүйл дээр ч гэсэн баталж өөрийн итгэлээ лавшруулаад энэ жижигхэн зүйл танд тулгараад байгаа бэрхшээл хоёр үндсэндээ адилхан гэдгийг ойлгож чадвал та эргүүлэгт их удаан тарчлахгүй. Би өөртөө итгэж байна гэж бодож байгаа ч энэ бас л бүтэхгүй байж болно гэсэн айдсыг сэтгэлдээ хадгалчихсан бол таны итгэл хүрэлцэхгүй шүү. Бас би чаднаа гээд л зүтгээд өөрийгөө хяналтаасаа алдчихвал таны итгэл жинхэнэ итгэл биш хүчлэн тунхагласан уриа төдий гэсэн үг.

     Тэгэхээр бэрхшээл гэдгийг бид өөрсдөө бий болгоод зогсохгүй бас бэрхшээлийг өөрсдөө л улам хүндрүүлээд байдаг хэрэг. Үүнийг уншлаа гээд та бэрхшээлгүй болчихгүй ээ. Бид өөрсдөө л бэрхшээлтэй тулгарах дуртай юм билээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax